• slidebg1
  • slidebg1

Компанийн танилцуулга

Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Бид “Малчны хотноос таны гэрт” уриан дор нийт 2500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна. Мөн Сүү ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжлийг тодорхойлогч хагас зуун жилийн түүхтэй Монгол улсын Ууган сүүний үйлдвэр юм.

Компанийн эрхэм зорилго, баримтлах зарчим

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын уламжлалт хэрэглээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн техник технологитой уялдуулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, хувь хүний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээнэ.

АЛСЫН ХАРАА

Өвөг дээдсээс уламжлан ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, ажилчдын мэдлэг, туршлага, сүүлийн үеийн технологи, инновацид тулгуурлан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулна.

Компанийн баримтлах зарчим

  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээдлэх
  • Байгальд ээлтэй, олон улсын чанарын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжин ажиллах
  • Бүтээлч, хамт олонч байдлыг бүрдүүлэх
  • Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх

Сүү ХК-ийн бодлого
"Сүү" ХК нь үйлдвэрлэл, худалдааны бүхий л үйл явцын хүрээнд хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн, удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгож, сонирхогч талуудын сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, санал хүсэлтэнд тулгуурлан эрсдэлийг тодорхойлсноор эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж, орчин үеийн техник технологи, инновацид тулгуурлан байнгын сайжруулалт хийж, хувь хүний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зах зээлд тэргүүлэгч компани байна.

Салбар үйлдвэрийн танилцуулга

  1. “Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийн танилцуулга

2011 онд “Сүү” ХК нь баруун бүсийн аймгуудыг чанарын өндөр түвшинд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Эрдэнэт хот дахь салбар үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь бүрэн автомат, сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдсан бөгөөд хоногт 40 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

“Эрдэнэт Сүү Эко” ХХК нь Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн 10 гаруй чиглэлийн 600 гаруй малчдаас жилийн дөрвөн улиралд тасралтгүй сүү татан авалт хийж, ISO 9001:2008 ЧУТ-г үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, техник технологийн дэвшлийг ашиглан экологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм.

  1. Аарц, цөцгийн тосны үйлдвэр

“Сүү” ХК нь 2009 онд аарц, цөцгийн тос үйлдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Батширээт суманд хоногт 10 тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүү боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулсан юм. Тус үйлдвэр нь дэвшилтэт техник технологоор бүрэн хангагдсан бөгөөд аарц, цөцгийн тос үйлдвэрлэдэг.

Энэхүү үйлдвэр нь Хэнтий аймгийн Батширээт сумын 200 гаруй малчдаас зуны улиралд сүү татан авалт хийж экологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Компанийн түүх

1940 он СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ

Дэлхийн 2 дугаар дайны уршгаар Монгол оронд өргөн хэрэглээний бараа ялангуяа гурил, будаа, цай, элсэн чихэр зэрэг хүнсний зүйл туйлын ховор байсан түүхийн энэ үед манай хүнсний аж үйлдвэрт цоо шинэ үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болж хүн амын хүнсний хангамжид бодитой нэмэр оруулж байсны нэг тод жишээ нь цөцгийн тосны үйлдвэрлэл юм. 1941 онд Мал Аж Ахуйн яамны харьяанд сүү хүлээн авах 300 тасаг, цөцгийн тос боловсруулах хоёр үйлдвэрийг байгуулжээ. Ийнхүү манай орны сүү, тосны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах  болсон төдийгүй 1946 онд 300 тонн цөцгийн тосыг гадаадад нийлүүлсэн байна. Энэ үеэс одоогийн “СҮҮ” ХК-ийн үндэс суурь тавигдсан.

1958 он СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ

Анх нийслэлийн хүн амыг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, ЗХУ болон Европын орнуудын техник хэрэгслээр тоноглогдсон хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ашиглалтанд орсон. Энэ нь Монгол улсын сүү боловсруулах үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэл байв.

1961-1990 он ЭРЧИМТЭЙ ХӨГЖСӨН ОН ЖИЛҮҮД

Сүү боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад ЗХУ ихээхэн тусалж дэмжиж байсан бөгөөд олон дээд боловсролтой мэргэжилтнүүд ажиллаж шинэ шинэ тоног төхөөрөмжийг ашиглан олон нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болсон бөгөөд бидний сайн мэдэх гурвалжин сүү, шилтэй сүү тараг, аарц ааруул үйлдвэрлэдэг байв.

1971 оны 6-р сард ЗХУ-ын тусламжтайгаар хүүхдийн тэжээлийн цех ашиглалтанд орж хүүхдэд зориулсан нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

1985 оны 7-р сард ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар техник технологийн шинэчлэл хийж хоногт 200 тн сүү боловсруулах өндөр хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

1991-2000 он ЗАХ ЗЭЭЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕ

1991 оноос бусад салбарын адил хүнсний аж үйлдвэрийн салбар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд сүүний үйлдвэр бусад томоохон үйлдвэрийн адил төрийн өмчийн 51 хувийн оролцоотой хувьцаат компани болсон.

1992 оноос сүүний үйлдвэрлэл эрс буурч 1993 онд 1990 оныхоос 4,7 дахин, 1995 онд 34 дахин буурсан байна.

1993 оноос саалийн механикжсан фермүүд зах зээлийн нөхцөлд зардлаа нөхөж бие даан ажиллаж чадахгүйд хүрч, жижиг аж ахуйн нэгж болон задарч нэг хэсэг нь бүр мөсөн хаагдсанаар сүүний үйлдвэрлэл түүхий эдгүй болж, 1996 оны эцэст үйлдвэр хүчин чадлынхаа дөнгөж 2 хувийг ашиглах хүртлээ зогсонги байдалд орж байлаа.

1997 оноос бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж 175 ажилчидтайгаар 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.

1998 онд хүчин чадлынхаа 20 шахам хувийг ашиглаж байв. Тухайн үед Япон улсын буцалтгүй тусламжаар хөргөлтийн цехээ системээр нь бүрэн шинэчлэн тоноглож, тусгай тоноглол бүхий 20 авто машинаар сүү татах, борлуулах ажил үйлчилгээ явуулдаг болсноор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чадсан байна.

2000-2016 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОН ЖИЛҮҮД

2005 онд Итали, Чехийн хамтарсан үйлдвэрийн зайрмаг үйлдвэрлэх автомат шугамыг үйлдвэртээ суурилуулсан нь одоогийн хүүхэд багачуудын идэх дуртай “Мөрөөдлийн” нэрийн зайрмагууд бөгөөд өдгөө 10 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэн зах зээл дээр борлуулж байна.

2006 Пьюрпак савлагааны шугам үйлдвэртээ нэвтрүүлснээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмлээ. 

2008 оноос тетрапак савалгааг үйлдвэртээ нэвтрүүлж тетрапак сүү болон тетрапак жүүсийг үйлдвэрлэж эхлэсэн.

2009 онд Хэнтий аймгийн Батширээт сумд сүү боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ.

2010 онд  Европын орнуудад нэлээд дэлгэрсэн, жимстэй иогурт савлах машиныг үйлдвэртээ нэвтрүүлэн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мөн тус онд эрүүл ахуйн шаардлага хангахуйц сүү нийлүүлэх зорилгоор цахилгаан саалтуурын фермер ашиглалтанд оруулав.

2011 онд Орхон аймгийн Эрдэнэт хот дахь “Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийг ашиглалтанд оруулсан.

2012 онд Итали улсын тоног төхөөрөмж суурилуулан, итали зайрмагны цех ашиглалтанд оруулж, “Amore” брэндийн зайрмаг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүллээ.

2013 онд ТCP NIMCO-680 сүү савлах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглалтанд оруулав. Мөн тараг савлах DRGR маркийн шинэ савлагааны тоног төхөөрөмж суурилууллаа.

2014 онд уламжлалт аргаар саванд нь бүрсэн Миний Монголын элгэн тараг үйлдвэрлэгдэж эхэлсэн.

2014-2015 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд голштейн үүлдрийн 300 үнээ бүхий “Макс-Агро” эрчимжсэн МАА-н цогцолбор ферм байгуулагдав.

2015 оны байдлаар жилд дунджаар 13 сая орчим литр цэвэр сүүг малчдаас худалдан авч, боловсруулан хэрэглэгчиддээ 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэв.

2015 оны байдлаар 2500 гаруй малчид, фермерүүдээс хоногтоо 50 орчим тонн сүү бэлтгэн авч, ариутган, хэрэглэгчиддээ хүргэсэн.

2016 онд тетрапак савлагаатай "Ууган үйлдвэрийн сүү"-г зах зээлд нийлүүлэв.